
Өмнөх нийтлэлдээ би Өгөгдлийн тухай хуулийн төслийн талаар бичсэн. Энэ удаа хуулийн текстээс гэрийн босго руу шилжье.
Манай гэрийн хаалганы цоож ухаалаг. Хурууны хээ, царайгаар онгойдог. Гишүүн бүрийг нэрээр нь бүртгэсэн. Хэн нэгэн орж ирэхэд зургийг нь миний утас руу мэдэгдлээр илгээдэг.
Гэхдээ эдгээр зураг, нэр, түүх миний утсанд хадгалагддаггүй. Утас интернэтэд холбогдож байж л харуулдаг. Өөрөөр хэлбэл, бүгд хаа нэг сервер дээр байна. Тэр сервер нь цоож үйлдвэрлэгчийнх, Монголоос гадна.
Ийм цоож, камер одоо айл болгонд шахуу бий. Хэрэглэгчид нь энэ талаар бараг боддоггүй. Энэ нийтлэл яг юу эрсдэлтэй, хууль юу гэж заадаг, бид юу хийж болохыг тайлбарлана.
Ухаалаг цоож юу цуглуулж, хаана хадгалдаг вэ?
Ухаалаг цоож дөрвөн төрлийн мэдээлэл цуглуулдаг. Тэдгээрийн хадгалагдах газар нь өөр өөр байдаг.
Мэдээлэл | Жишээ | Ихэнх цоожинд хаана байдаг |
Хурууны хээ | Хээний загвар (template) | Цоож доторхоо; аппад зөвхөн нэр, дугаар нь |
Царай | Бүртгэлийн зураг, царайны загвар | Цоож дотор ба үүлэн серверт |
Мэдэгдлийн зураг | Хаалганы өмнө зогссон хүний зураг | Үүлэн серверт |
Орж гарсан түүх | «Бат, 16:42, царайгаар нээв» | Үүлэн серверт |
Хамгийн эмзэг нь сүүлийн хоёр: нэртэй царай, түүний орж гарсан цаг. Энэ хослол нь гэр бүлийн амьдралын цагийн хуваарь болдог.

Энэ зөвхөн хятад брэндийн асуудал биш. "Зөвхөн локал" гэж сурталчилсан төхөөрөмж ч далдуур илгээдэг нь илэрсэн. 2022 онд судлаач Paul Moore Eufy хаалганы камер нүүр танихад ашигласан зургийн жижиг хувилбаруудыг үүлэн серверт илгээдгийг илрүүлсэн. Тухайн үед хэрэглэгч үүлэн дансгүй байсан ч илгээдэг байсан (Tom's Guide). Одоо захын цоожийг дундаас нь сүлжээний хяналт хийгээд илрүүлэхэд бүрэн боломжтой.
Тиймээс сурталчилгаанаас илүү сүлжээний урсгалыг хэмжиж мэдэх хэрэгтэй.
Таван эрсдэл
"Гэр хэзээ хоосон байдгийг мэдчихнэ" гэдэг нь хамгийн ойлгомжтой нь. Гэхдээ эрсдэл үүгээр дуусахгүй.
Амьдралын хэв маяг ил болно. Орж гарсан түүхээс хэн хэдэн цагт ажилдаа явдаг, хүүхдүүд хэзээ ганцаараа байдаг, айл хэзээ амралтаар явсныг авч болно.
Хаалгыг алсаас нээх боломж. Аппаар хаалга нээдэг бол тэр тушаал үүлэн серверээр дамждаг. Сервер эсвэл данс хакердуулбал хаалга ч алдагдаж болно.
Биометрийг солих боломжгүй. Нууц үг алдагдвал сольж болно. Царай, хурууны хээ нэг алдагдвал насан туршдаа алдагдсан хэвээр. Хүүхдийн хувьд энэ нь хэдэн арван жил үргэлжилнэ.
Төвлөрсөн мэдээллийн сан. Нэг айлын мэдээлэл жижиг мэт санагдана. Олон мянган айлын нэртэй царай, хаяг, цагийн хуваарь нэг дор цугларвал том хяналтын сан болно.
Үйлдвэрлэгчийн алдаа ба харьяалал. Мэдээлэл хаана байна, тэр улсын хууль үйлчилнэ. Монгол Улсын хууль тэнд хүрэхгүй. Бид хуулиар энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа.
Сүүлийн хоёр нь онол биш. 2021 онд АНУ-ын Verkada компанийн системд хакерууд нэвтэрч 150 мянган камерын шууд дүрсийг харсан. Эмнэлгийн тасаг, сургууль, цагдаагийн газар хүртэл багтсан (Japan Times / Bloomberg). Энэ нь нэг төвд цуглуулсан системд нэг алдаа бүгдийг нээдэгийг харуулсан.
Харьяаллын жишээ: БНХАУ-ын 2017 оны Үндэсний тагнуулын тухай хуулийн 7 дугаар зүйлд байгууллага, иргэн бүр тагнуулын ажлыг дэмжиж, хамтрах үүрэгтэй гэж заасан (хуулийн орчуулга). Зарим хятад судлаачид энэ заалт урьдчилсан тагнуулыг зөвшөөрөөгүй, хамгаалах шинжтэй гэж тайлбарладаг (The Diplomat). Хамгийн гол нь тайлбар биш: мэдээлэл хил давмагц түүний хувь заяаг Монгол Улс шийдэхээ больдог. Энэ нь аль ч улсын үүлэн үйлчилгээнд адил үйлчилнэ.
Хууль юу гэж заасан бэ?
Хууль байгаа. Асуудал нь хууль гэрийн босгоноос цааш хүрдэггүйд байна. Доорх заалтууд 2021 оны Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиас авсан бөгөөд тус хууль 2022 оны 5 дугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон.
Заалт | Агуулга | Цоожны хувьд |
4.1.1 | Биометрик мэдээлэлд хурууны хээ, солонгон бүрхэвч, нүүр, дуу хоолой, алхаа хамаарна | Цоожны цуглуулдаг зүйл бүгд биометрик |
4.1.12 | Биометрик мэдээлэл нь «эмзэг мэдээлэл» | Хамгийн чанга хамгаалалтай ангилал |
8.1, 8.3 | Мэдээллийн эзнээс цаасаар эсвэл цахимаар зөвшөөрөл авна | Аппын «Зөвшөөрч байна» товч цахим зөвшөөрөл болно |
14.1 | Гадаадын этгээд мэдээлэл дамжуулахыг хориглоно; хууль, гэрээ, эсвэл эзний зөвшөөрлөөр боломжтой | Зөвшөөрлийг апп суулгахад авчихсан |
3.3.1–3.3.3 | Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, гэрийн хамгаалалтын камер, өмчөө хамгаалахад биометрээ ашиглахад хууль үйлчлэхгүй | Айл өөрөө хэрэглэхдээ хуулийн зохицуулалтаас гадуур |
Энд хоёр дүгнэлт гарна.
Нэгдүгээрт, гэрийн локал шийдэл хуулийн хүрээнд байна. Гэр бүл өөрийнхөө мэдээллийг гэртээ боловсруулахыг 3.3 дугаар зүйл тодорхой чөлөөлсөн. "Монголдоо үлдээе гэсэн үндэсний хувийн хэвшиг хууль зөрчинө" гэсэн айдастай ба энэ нь хуулиас биш, тайлбарын тодорхойгүй байдлаас үүдэлтэй.
Хоёрдугаарт, айлаас гадаадын үүл рүү гарах урсгал цоорхойд унаж байна. Айл өөрөө зохицуулалтаас гадуур. Үйлдвэрлэгч нь гадаадын компани, зөвшөөрлийг нь аппын нөхцөлөөр авчихсан. Импортлогч, дэлгүүр асуудалд хамаарахгүй мэт байна. Тиймээс дотоодын хөгжүүлэгч анхаарлын төвд ордог бол хил дамнасан урсгал хэний ч анхааралд ордоггүй.
Айл бүр одоо хийж болох зүйл
Цоож, камерын аппаас царайны зураг, мэдэгдлийн зургийг үүлэнд хадгалах сонголтыг хайж унтраах. Зарим цоож "зөвхөн текст мэдэгдэл" горимтой.
Хэрэглэдэггүй бол алсаас нээх функцийг унтраах.
Аппын дансад давтагдашгүй нууц үг, хоёр шатлалт баталгаажуулалт асаах.
Хүүхдийг царайгаар биш, хурууны хээ эсвэл кодоор оруулах. Хурууны хээ ихэвчлэн цоож доторхоо хадгалагддаг.
Камер, цоожийг зочны тусдаа Wi-Fi сүлжээнд холбох.

Бодлогын санал
Дотоодын шийдлийг чөлөөлөх, хил дамнасан урсгалыг ил тод болгох таван алхамыг санал болгож байна. Эдгээрийг Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд тусгавал бүр сайн. /Өгөгдлийн хуулинд тусгах гэж оролдсон боловч чадаагүй/
Мэдээллийн чиглэлийн шошго. Монголд зарагдах ухаалаг цоож, камер бусад IoT төхөөрөмж ямар мэдээллийг аль улс руу илгээдгийг савлаган дээрээ монгол хэлээр бичдэг байх.
Импортлогчийн хариуцлага. Гадаадын үйлдвэрлэгч хариулт өгөхгүй бол Монголд борлуулж буй импортлогч хариуцлага хүлээх.
Биометрийн тусдаа зөвшөөрөл. Царай, хурууны хээг гадаад руу дамжуулах зөвшөөрлийг аппын ерөнхий нөхцөлд багтаахыг хориглож, тусдаа, тодорхой асуудаг болгох.
Локал боловсруулалтын тодорхой заавар. Хүний эрхийн үндэсний комисс гэрийн дотор боловсруулах системийг 3.3 дугаар зүйлийн дагуу хэрхэн тайлбарлах зөвлөмж гаргах. Ингэвэл дотоодын хөгжүүлэгчдийн айдас арилна.
Бие даасан хэмжилт. Түгээмэл төхөөрөмжийн сүлжээний урсгалыг тогтмол хэмжиж, үр дүнг нийтэд зарлах. Үүнийг мэргэжлийн холбоо, их сургууль, технологийн нийгэмлэг хамтран хийж болно.
Эдгээр санал гадаадын бүтээгдэхүүнийг хориглохгүй. Хэрэглэгч мэдээллээ хаашаа явж байгааг мэдэж сонголт хийх боломжийг л бий болгоно.
Дүгнэлт
Хаалганы түлхүүрийг бид хөршдөө өгдөггүй. Гэтэл ухаалаг цоожны царайн сан, орж гарсан түүхийг нүд аниад хилийн чанадад илгээсээр байна.
Шийдэл байгаа. Технологи нь энгийн лаптоп дээр ажиллаж байна. Хууль нь гэрийн дотор боловсруулахыг зөвшөөрсөн. Дутуу байгаа нь ил тод байдал, хариуцлага ба манай анхаарал.
Дараагийн алхамаар би гэрийнхээ ухаалаг цоожны сүлжээний урсгалыг хэмжиж, яг аль улсын сервер рүү юу явдагийг нийтлэх болно. Та өөрийн төхөөрөмжөө шалгуулахыг хүсвэл надтай холбогдоорой.
Эх сурвалж
• Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (legalinfo.mn)
• Хуулийн албан бус англи орчуулга (legalinfo.mn)
• PwC Mongolia: ХХМХтХ хүчин төгөлдөр болсон тухай
• Japan Times / Bloomberg: Verkada хакердалт, 2021
• Tom's Guide: Eufy камер үүл рүү илгээсэн, 2022



