
Нэг сонирхолтой асуултаар эхэлье.
Монгол Улсад хэдэн ухаалаг гар утас байдаг бол?
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны статистикт 4.28 сая ухаалаг төхөөрөмж хэрэглэгч, 4 сая орчим 4G хэрэглэгч бүртгэгдсэн байна. Харин DataReportal-ийн 2026 оны тайланд 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсад 4.97 сая үүрэн холбооны холболт байгааг дурджээ. Мэдээж SIM холболт, хэрэглэгч, бодит төхөөрөмж гурав ижил ойлголт биш.
Тиймээс энэ нийтлэлд Монголд өдөр тутам ашиглагддаг ухаалаг гар утасны боломжит зах зээлийг 3.5 сая төхөөрөмж гэж болгоомжтой төсөөлье.
Одоо нэг зүйлийг бодоод үзье.
Бид өдөр бүр утсаа цэнэглэдэг. Өдөржин ашиглаад орой гэртээ ирэхдээ цэнэглэгчид холбоно. Шөнөжин цэнэглэгдэнэ. Харин бид унтаж байх хугацаанд буюу ойролцоогоор 8 цагийн турш ихэнх утас маань эзэндээ ямар ч бодит үнэ цэн бүтээлгүй, сул зогсож байдаг.
Тэр 8 цагийг бид ашиглаж болохгүй гэж үү?
Утасны эзэн унтаж байх хооронд түүний гар утас хиймэл оюуны жижиг даалгавар гүйцэтгэж, мэдээлэл боловсруулж, тооцоолол хийж, үүнийхээ төлөө эзэндээ орлого олдог байсан бол? Өглөө сэрэхэд утас нь зүгээр л цэнэглэгдсэн биш, бас эзэндээ мөнгө олсон байвал? Эхэндээ үнэмшил муутай Utopia мэт сонсогдож болох ч энэ бол технологийн хувьд судалж, хөгжүүлж, хэрэгжүүлэх боломжтой бизнесийн санаа юм.
1. Ганц утас юу хийж чадах вэ? Харин 3.5 сая утас нийлээд юу хийж чадах вэ?
Өнөөдрийн ухаалаг гар утаснууд зөвхөн дуудлага хийх, мессеж бичих төхөөрөмж байхаа аль хэдийн больсон.
Орчин үеийн гар утас бүр:
Олон цөмт CPU процессортой.
График боловсруулалтын GPU нэгжтэй.
Зарим нь хиймэл оюуны тооцоололд зориулсан NPU төхөөрөмжтэй.
RAM болон дотоод хадгалалтын нөөцтэй.
Өндөр хурдны интернетэд холбогдох боломжтой.
Өөрөөр хэлбэл, бидний халаасанд явдаг эдгээр төхөөрөмжүүд тус бүрдээ жижиг хэмжээний компьютер юм.
Нэг гар утасны тооцоолох хүчин чадал тийм ч их биш байж болно. Гэхдээ олон сая төхөөрөмжийг нэг системд холбож, бие даасан жижиг даалгавруудыг хуваарилан гүйцэтгүүлбэл огт өөр хэмжээний дэд бүтэц бий болно.
Энэ бол Distributed Computing буюу тархмал тооцооллын үндсэн зарчим.
Дэлхийд ийм технологийн ойлголт, туршлага аль хэдийн бий. BOINC зэрэг төсөл хувийн компьютер, таблет, ухаалаг гар утасны сул тооцоолох нөөцийг шинжлэх ухааны тооцоололд ашиглах загварыг хөгжүүлж ирсэн. Mobile Edge Computing, Federated Learning зэрэг технологиуд ч төхөөрөмжийн тархмал нөөцийг ашиглах боломжийг судалж байна.
Тэгэхээр шинэ зүйл нь тархмал тооцоолол өөрөө биш. Харин үүнийг Монголын иргэдийн эзэмшлийн гар утаснуудад тулгуурласан, эдийн засгийн өгөөжтэй, арилжааны үйлчилгээ болгон хөгжүүлэх явдал юм.
2. Монголд ямар хэмжээний нөөц байна вэ?
Одоо тоогоор төсөөлье.
Бид 3.5 сая ухаалаг гар утас байна гэж үзье.
Нэг утас шөнийн 8 цагт ажиллах боломжтой гэж тооцвол:
Нэг шөнийн боломжит хугацаа:
3,500,000 × 8 цаг = 28,000,000 төхөөрөмж-цаг.
Өөрөөр хэлбэл, нэг шөнийн дотор 28 сая цагийн төхөөрөмжийн боломжит ажиллагааны цонх бий.
Сард:
28 сая × 30 өдөр = 840 сая төхөөрөмж-цаг.
Энэ бол бүх төхөөрөмж 8 цагийн турш ажиллах боломжтой гэсэн онолын дээд хэмжээ. Бодит байдал дээр утасны загвар, батарей, цэнэглэлт, интернет, үйлдлийн системийн хязгаарлалт, хэрэглэгчийн зөвшөөрөл зэргээс хамаарч ашиглаж болох хугацаа үүнээс бага байна.
Гэхдээ боломжит нөөцийн хэмжээг төсөөлөхөд хангалттай том тоо.
Бид үүнийг бүгдийг нь ашиглах шаардлагагүй.
Эхний ээлжид нийт төхөөрөмжийн ердөө 10–30 хувийг хамруулж чадлаа гэж төсөөлье.
Оролцоо | Төхөөрөмжийн тоо | Нэг шөнийн боломжит хугацаа |
|---|---|---|
10% | 350,000 | 2.8 сая цаг |
20% | 700,000 | 5.6 сая цаг |
30% | 1,050,000 | 8.4 сая цаг |
50% | 1,750,000 | 14 сая цаг |
Нийт гар утасны ердөө 30 хувийг хамруулахад л нэг шөнийн дотор 8.4 сая төхөөрөмж-цагийн боломжит нөөц бүрдэнэ.
Энэ бол ганц компани өөрийн хөрөнгөөр сервер худалдаж авч, дата төв байгуулж байж бий болгох шаардлагатай нөөц биш. Харин аль хэдийн иргэдийн эзэмшилд байгаа төхөөрөмжүүдийг зөв зохион байгуулж ашиглах тухай асуудал юм.
3. Энэ сүлжээ яг ямар ажил хийх вэ?
Хамгийн чухал асуулт бол энэ олон гар утсанд ямар ажил өгөх вэ гэдэг.
Бүх төрлийн тооцооллыг гар утсанд гүйцэтгүүлэх боломжгүй. Харин том ажлыг олон жижиг, харилцан бие даасан даалгавар болгон хувааж болох тохиолдолд энэ загвар илүү үр ашигтай.
Жишээлбэл:
Хиймэл оюуны үйлчилгээ
Зураг ангилах, объект таних.
Текст ангилах, боловсруулалт хийх.
Жижиг AI загвараар inference гүйцэтгэх.
Аудио, дүрсний урьдчилсан боловсруулалт хийх.
Олон эх сурвалжийн мэдээллийг ангилах.
Бизнесийн мэдээлэл боловсруулалт
Их хэмжээний баримт бичгийг урьдчилан боловсруулах.
OCR буюу зурган мэдээллийг текст болгох.
Мэдээллийн давхардал илрүүлэх.
Бүтээгдэхүүн, зураг, контентын ангилал хийх.
Том хэмжээний өгөгдлийг хэсэгчлэн боловсруулах.
Тархмал дижитал үйлчилгээ
Контентын түр хадгалалт (Caching).
Төхөөрөмж хоорондын зарим төрлийн тооцоолол.
Тархмал сургалтын тодорхой даалгавар.
IoT болон бусад системийн өгөгдлийн боловсруулалт.
Энд нэг чухал ялгаа бий.
Бид гар утас бүр дээр том хэлний загвар сургах гэж байгаа юм биш. Харин том системийн ажлыг жижиг хэсгүүдэд хувааж, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох төхөөрөмжид хуваарилах тухай ярьж байна.
Жишээлбэл, нэг байгууллага нэг сая зураг ангилах шаардлагатай бол энэ ажлыг олон мянган төхөөрөмжид хуваарилж, зэрэгцүүлэн гүйцэтгүүлэх боломжийг судалж болно.
Нэг төхөөрөмж ажлаа дуусгахад дараагийн даалгавраа авна. Ажил дуусах бүрд үр дүнг баталгаажуулж, төхөөрөмжийн эзэнд урамшуулал тооцно.
Ингэснээр утас бүр жижиг ажлын гүйцэтгэгч, харин нийт сүлжээ нэг том тооцооллын систем болж хувирна.
Сонирхолтой байдлаар төсөөлөөд кинон дээр гардаг шиг нэг "SKY EYES" нэртэй систем байлаа гэж төсөөлөөд үзье. /Өнөө үед энэ технологийн хувьд бүрэн боломжтой, нэрийг нь би өөрөө өгсөн/

Монгол даяар тархсан сая сая ухаалаг төхөөрөмж, сайн дурын оролцоотой камерын сүлжээ, нийтийн аюулгүй байдлын мэдээллийн эх үүсвэрүүд нэг платформд холбогджээ.
Нэгэн өдөр хотын гудамжинд гэмт хэрэг гарлаа гэж бодъё.
Систем тухайн үйл явдалтай холбоотой мэдээллийг хууль ёсны хүрээнд ашиглах боломжтой эх үүсвэрүүдээс цуглуулж, хиймэл оюунаар шинжилнэ. Холбогдох дүрс бичлэг, цаг хугацаа, байршлын мэдээллийг тулган шалгаж, хүний оролцоотойгоор сэжүүрийг илрүүлэхэд тусална.
Эсвэл сураггүй болсон хүүхдийг хайж байна гэж төсөөлье. Нийтийн орон зайд байрлах, хууль ёсны дагуу ашиглах боломжтой камерын мэдээллийг нэгтгэн, хайлтын ажлыг хурдасгаж болно.
Гал түймэр, осол, аюултай нөхцөл байдлыг эрт илрүүлэхэд ч тусалж болно.
Нэг ёсондоо Монгол Улс иргэдийнхээ сайн дурын оролцоо, ухаалаг төхөөрөмж, хиймэл оюуныг нэгтгэсэн нийтийн аюулгүй байдлын шинэ дэд бүтэцтэй болж болох юм.
Мэдээж энэ бол өнөөдөр бэлэн байгаа технологи биш. Мөн иргэдийн утасны камерыг зөвшөөрөлгүйгээр асаах, хүмүүсийг хаа сайгүй хянах тухай санаа огт биш. Хувийн нууц, мэдээллийн хамгаалалт, хууль ёсны үндэслэл, ил тод хяналт нь ийм системийн хамгийн чухал суурь байх ёстой.
Гэхдээ ийм ирээдүйг бүтээхэд шаардлагатай нэг чухал нөөц бидэнд аль хэдийн байна. Тэр нь гар утас.
4. Иргэд өөрийн гар утсаар хэрхэн орлого олох вэ?
Энэ санааны хамгийн сонирхолтой хэсэг нь иргэдийг дижитал эдийн засгийн идэвхтэй оролцогч болгох боломж юм.
Жишээлбэл, нэг платформ бий боллоо гэж төсөөлье.
Иргэн уг платформд бүртгүүлж, өөрийн гар утсыг сүлжээнд сайн дурын үндсэн дээр холбох зөвшөөрөл өгнө.
Систем дараах нөхцөлийг шалгана:
Гар утас цэнэглэгчид холбогдсон эсэх.
Wi-Fi сүлжээнд байгаа эсэх.
Төхөөрөмжийн температур хэвийн эсэх.
Батарейн болон санах ойн нөөц хангалттай эсэх.
Эзэмшигчийн тогтоосон ажиллуулах цаг, нөхцөл хангагдсан эсэх.
Нөхцөл хангагдвал платформоос жижиг даалгавар хуваарилна.
Даалгавар амжилттай гүйцэтгэгдэж, үр дүн нь баталгаажсаны дараа иргэнд орлого тооцно.
Өөрөөр хэлбэл, хүн өөрөө ажиллахгүй, утсаа өдөржин барихгүй. Төхөөрөмжийнхөө сул нөөцийг ашиглуулсны төлөө орлого олно.
Энэ нь төхөөрөмжийн хүчин чадлыг түрээсэлж байгаа нэг төрлийн эдийн засгийн харилцаа юм.
5. Бизнесийн боломжийг тоогоор төсөөлбөл
Одоо энэ санааг бизнесийн өнцгөөс харъя.
Бодит зах зээлийн үнэ, эрэлт, төхөөрөмжийн гүйцэтгэл одоогоор баталгаажаагүй учраас дараах тоонуудыг санхүүгийн төсөөллийн хувилбар гэж ойлгох хэрэгтэй.
Нийт төхөөрөмжийн 30 хувь буюу 1.05 сая гар утас платформд нэгдэж, өдөр бүр бодит ажил гүйцэтгэдэг боллоо гэж үзье.
Нэг төхөөрөмж нэг шөнийн гүйцэтгэсэн, баталгаажсан ажлын дундаж борлуулалтын орлогыг 500 төгрөгөөр төсөөлье.
Тэгвэл:
1,050,000 төхөөрөмж × 500 төгрөг × 30 өдөр = 15.75 тэрбум төгрөг.
Сарын нийт үйлчилгээний борлуулалтын орлого 15.75 тэрбум төгрөг болно.
Үүнийг дараах байдлаар хуваарилж болох юм.
Орлогын хуваарилалт | Хувь | Сарын дүн |
|---|---|---|
Гар утасны эзэд | 70% | 11.025 тэрбум ₮ |
Платформын шимтгэл | 20% | 3.15 тэрбум ₮ |
Үйл ажиллагаа, эрсдэлийн нөөц | 10% | 1.575 тэрбум ₮ |
Нийт | 100% | 15.75 тэрбум ₮ |
Энэ хувилбараар нэг утасны эзэн:
Өдөрт 350 төгрөг.
Сард 10,500 төгрөг.
Жилд 126,000 төгрөгийн орлого олох боломжтой. /Манай гар утас засвар, гар утас худалдааныхан бүр их орлого олно/

Мэдээж энэ нь 30 шөнө бүр төхөөрөмж нь ажиллаж, тухайн хэмжээний төлбөртэй ажил бодитоор гүйцэтгэсэн нөхцөлтэй.
Харин нэг төхөөрөмж-шөнийн үйлчилгээний үнэ өөрчлөгдвөл ямар үр дүн гарах вэ?
1.05 сая төхөөрөмжийн оролцоотой сарын санхүүгийн төсөөлөл:
Нэг төхөөрөмжийн шөнийн орлого | Сарын нийт орлого | Иргэдийн 70% | Платформын 20% |
|---|---|---|---|
500 ₮ | 15.75 тэрбум ₮ | 11.025 тэрбум ₮ | 3.15 тэрбум ₮ |
1,000 ₮ | 31.5 тэрбум ₮ | 22.05 тэрбум ₮ | 6.3 тэрбум ₮ |
2,000 ₮ | 63 тэрбум ₮ | 44.1 тэрбум ₮ | 12.6 тэрбум ₮ |
Эдгээр нь цэвэр ашиг биш. Борлуулсан үйлчилгээний нийт орлогоос төхөөрөмжийн эзэд, платформ, үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг хуваарилсан загвар юм.
Энд хамгийн чухал нь 500, 1,000, 2,000 төгрөгийн аль нэгийг шууд амлахгүй, харин бодит худалдан авагчийн төлөх үнэ, нэг төхөөрөмжийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, цахилгаан болон дата зардал, төхөөрөмжийн элэгдлийг хэмжиж байж нэгж эдийн засгийг баталгаажуулж таарна.
Гэхдээ энэ тооцоо нэг зүйлийг маш тодорхой харуулж байгаа биз?
Хэрэв олон сая төхөөрөмжийн сул нөөцийг ашиглах бодит зах зээл бий болгож чадвал иргэдийн орлого болон платформын үйлчилгээний мөнгөн урсгал асар том хэмжээнд хүрэх боломжтой.
6. Энэ нь дата төв байгуулахаас юугаараа өөр вэ?
Уламжлалт дата төв байгуулахад:
Сервер худалдан авна.
Барилга, цахилгаан, хөргөлтийн дэд бүтэц байгуулна.
Сүлжээ, хамгаалалт, нөөцлөлт хийнэ.
Тогтмол үйл ажиллагааны зардал гаргана.
Харин тархмал тооцооллын загварт тооцоолох төхөөрөмжүүд аль хэдийн хэрэглэгчдийн эзэмшилд байна.
Энэ нь уламжлалт дата төвийг бүрэн орлох гэсэн үг биш. Харин түүнд нэмэлт, уян хатан тооцооллын нөөц бий болгох боломж юм.
Uptime Institute-ийн 2024 оны дэлхийн дата төвийн судалгаагаар салбарын дундаж PUE 1.56 байна. Өөрөөр хэлбэл, дата төвийн IT төхөөрөмжид зарцуулсан 1 кВт.ц цахилгаан тутамд нийт байгууламж ойролцоогоор 1.56 кВт.ц хэрэглэж байна.
Гэхдээ гар утасны тархмал сүлжээг үүнээс шууд илүү үр ашигтай гэж дүгнэж болохгүй. Учир нь утасны тооцооллын хүчин чадал, цахилгаан, сүлжээний дамжуулалт, хөргөлт, төхөөрөмжийн элэгдлийг нэг ижил ажлын нэгжээр харьцуулж байж бодит үр ашгийг тогтооно.
Тархмал сүлжээний давуу тал нь бүх тооцооллыг нэг байршилд төвлөрүүлэхгүй, олон төхөөрөмжийн сул нөөцийг ашиглах боломж юм.
Гэхдээ хоцролт, тасалдал, төхөөрөмжийн ялгаа, сүлжээний зардал зэрэг нь бодит сорилт хэвээр байна.
7. Хамгийн том сорилт нь технологи биш, итгэлцэл
Хэрэв хэн нэгэн энэ санааг хэрэгжүүлэхээр шийдвэл хамгийн түрүүнд аюулгүй байдал, хэрэглэгчийн итгэлцлийг шийдэх шаардлагатай.
Хэн нэгний гар утсанд зөвшөөрөлгүй код ажиллуулах, хувийн мэдээлэлд нь нэвтрэх, батарейг нь гэмтээх, дата хэрэглээг нь нэмэгдүүлэх ёсгүй.
Тиймээс дараах шаардлагуудыг архитектурын түвшинд шийдэх хэрэгтэй:
Sandbox орчин: Гүйцэтгэх даалгаврыг утасны үндсэн систем, хувийн мэдээллээс тусгаарлах.
Шифрлэлт: Өгөгдлийг дамжуулах болон хадгалах үед хамгаалах.
Task verification: Гүйцэтгэсэн ажлын үр дүнг шалгаж, хуурамч гүйцэтгэлээс сэргийлэх.
Device protection: Хэт халалт, батарейн элэгдэл, төхөөрөмжийн ачааллыг хязгаарлах.
User control: Хэрэглэгч хүссэн үедээ ажлыг зогсоох, төхөөрөмжөө сүлжээнээс салгах боломжтой байх.
Transparent payment: Ямар ажил гүйцэтгэсэн, хэдий хэмжээний орлого олсон, ямар шимтгэл суутгасныг ил тод харуулах.
Түүнчлэн Android болон iOS үйлдлийн системүүд background processing буюу арын горимд ажиллах процессыг хатуу зохицуулдаг. Android-д цэнэглэлт, Wi-Fi, төхөөрөмжийн идэвхгүй байдал зэрэг нөхцөлөөр ажлыг хязгаарлаж болох бол Apple-ийн системд ч арын процессын хугацаа, нөөцийн ашиглалтыг үйлдлийн систем өөрөө удирддаг.
Тиймээс бүх гар утас шөнийн 8 цаг тасралтгүй ажиллана гэж үзэх боломжгүй. Эхний шийдэл Android төхөөрөмжөөс эхэлж, iOS-ийн боломж, хязгаарлалтыг тусад нь судлах нь зүйтэй.
Мөн иргэдийн төхөөрөмжөөр дамжуулан гүйцэтгэх ажилд хувийн болон эмзэг мэдээллийг шууд тараахгүй байх, мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх ёстой.
Энэ бол зүгээр нэг апп хөгжүүлэх ажил биш. Тархмал дэд бүтэц, төхөөрөмжийн менежмент, AI orchestration, мэдээллийн аюулгүй байдал, төлбөр тооцоо, бизнесийн экосистемийг нэгтгэх технологийн том төсөл юм.
8. Үүнийг хэрхэн бодит болгох вэ?
Би ийм хэмжээний санааг шууд 3.5 сая гар утсанд нэвтрүүлэх боломжтой гэж хэлэхгүй.
Харин дараах үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.
I үе шат — Технологийн нотолгоо (Proof of Concept)
1,000–10,000 төхөөрөмжийг хамруулсан туршилтын сүлжээ байгуулна.
Төхөөрөмжүүдийн хүчин чадлыг хэмжинэ.
AI болон бусад жижиг даалгавар гүйцэтгүүлнэ.
Цахилгаан, дата хэрэглээг хэмжинэ.
Гүйцэтгэлийн найдвартай байдал, аюулгүй байдлыг шалгана.
Нэг төхөөрөмжийн нэгж эдийн засгийг тодорхойлно.
II үе шат — Арилжааны туршилт
50,000–100,000 төхөөрөмжийг хамруулж, бодит бизнесийн захиалгатай ажиллана.
Байгууллага, бизнесүүдээс тооцооллын үйлчилгээний төлбөр авч, иргэдэд бодит орлого хуваарилна.
III үе шат — Үндэсний хэмжээний сүлжээ
1 сая болон түүнээс дээш төхөөрөмжийг нэгтгэж, олон төрлийн AI болон тооцооллын үйлчилгээг нийлүүлдэг платформ болгоно.
Энэ үе шатанд зөвхөн Монголын зах зээлд бус, гадаадын байгууллагуудад ч тооцооллын үйлчилгээ экспортлох боломжийг судалж болно.
9. Монгол Улсын дижитал эдийн засгийн шинэ боломж
Бид дижитал эдийн засгийг ярихдаа ихэвчлэн дата төв, сервер, шилэн кабель, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, программ хангамжийг төсөөлдөг.
Харин иргэдийн эзэмшлийн төхөөрөмжүүд өөрсдөө дижитал үйлдвэрлэлийн нэг хэсэг болж болохыг хэр их бодож үзсэн бол?
Өнөөдөр сая сая иргэн ухаалаг гар утас эзэмшиж байна. Тэдгээр төхөөрөмжүүд өдөр бүр цахилгаан хэрэглэж, сүлжээнд холбогдож, ихэнх хугацаанд сул зогсож байна.

Хэрэв энэ нөөцийг зөв зохион байгуулж чадвал бид:
Иргэдэд нэмэлт орлого бий болгоно.
Дотоодын AI үйлчилгээний шинэ зах зээл үүсгэнэ.
Тархмал тооцооллын үндэсний дэд бүтэцтэй болно.
Технологийн шинэ бизнес, ажлын байр бий болгоно.
Гадаад зах зээлд экспортлох боломжтой үйлчилгээ хөгжүүлнэ.
Хамгийн гол нь энэ дэд бүтцийн эзэд нь зөвхөн нэг компани, нэг байгууллага биш, харин сая сая иргэн байх юм.
Иргэн бүр өөрийн эзэмшлийн төхөөрөмжөөрөө дижитал эдийн засгийн үйлдвэрлэлд оролцож, бий болгосон үнэ цэнийнхээ тодорхой хэсгийг хүртдэг болно.
Энэ бол хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхээс нэг алхам цаашилсан ойлголт. Иргэд өөрсдөө дижитал үйлдвэрлэлийн нөөц, оролцогч, өгөөж хүртэгч болно.
Эцэст нь
Миний хувьд энэ санааг өнөөдөр бэлэн бүтээгдэхүүн, баталгаатай бизнес гэж зарлах гэсэнгүй. Харин Монголд бодитоор судалж, технологийн хувьд туршиж, эдийн засгийн үр ашгийг нь баталгаажуулах ёстой том боломж гэж харж байна.
Бид 3.5 сая гар утасны тухай ярьж байна. Гэхдээ энэ бол зүгээр нэг 3.5 сая төхөөрөмжийн тухай биш. Энэ бол 3.5 сая иргэний эзэмшилд байгаа, зөв зохион байгуулбал эдийн засгийн үнэ цэн бүтээж чадах тархмал нөөцийн тухай юм.
Миний төсөөлж буй ирээдүйд хүн бүрийн гар утас зөвхөн мөнгө зарцуулдаг хэрэглээний хэрэгсэл биш, тодорхой нөхцөлд эзэндээ мөнгө олж өгдөг жижиг дижитал үйлдвэрлэлийн нэгж байх боломжтой.
Өнөөдөр дэлхий нийтээрээ AI-д зориулсан дата төв, сервер, GPU-ийн хүчин чадалд асар их хөрөнгө оруулж байна. Харин бидэнд аль хэдийн байгаа олон сая төхөөрөмжийн сул нөөцийг ашиглах боломжийг орхигдуулж болохгүй.
Хэн нэгэн энэ санааг бодит бүтээгдэхүүн болгож чадвал зөвхөн нэг компанийн том бизнес биш, Монголын дижитал эдийн засгийн хамгийн сонирхолтой, онцгой жишээнүүдийн нэг болж чадна.
Энэ санааг бодит болгох сонирхолтой, технологийн шийдэл боловсруулах чадвартай МТ-ийн компаниуд, AI болон Distributed Computing чиглэлийн инженерүүд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад нээлттэй байна.
Хэрэв энэ санааг хэрэгжүүлэхээр зориглох баг, компани, хөрөнгө оруулагч байвал би технологийн архитектур, чанар, аюулгүй байдал, бизнесийн загварыг боловсруулахад хамтран ажиллаж болно. Энэ бүтэхгүй юм ерөөсөө биш.
Бидний гар утас шөнөжин зүгээр цэнэглэгдэж хэвтэхийн оронд эзэндээ мөнгө олж өгдөг болох боломжийг яагаад судалж болохгүй гэж?
Энэ санааг бодит болгох эсэх нь боломж байгаа эсэхээс илүүтэй, хэн эхэлж зориглох вэ гэдгээс хамаарна.



