
Монгол Улсад өгөгдлийн харилцааг цогцоор нь зохицуулах анхдагч хууль хэрэгтэй гэдэгтэй маргах зүйлгүй. Өгөгдөл бол өнөөдөр зөвхөн мэдээллийн технологийн салбарын нөөц биш, эдийн засгийн бүтээмж, инновац, хиймэл оюун ухаан, үндэсний өрсөлдөх чадварыг тодорхойлох стратегийн хөрөнгө болжээ.
Тиймээс өгөгдлийг хэрхэн үүсгэх, цуглуулах, боловсруулах, хадгалах, солилцох, дахин ашиглах, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулахыг зохицуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх нь цаг үеийн шаардлага мөн.
2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өргөн баригдсан "Өгөгдлийн тухай" анхдагч хуулийн төслийг хувилбар 11 хүртэл нь санал өгч, уншиж, үзэл баримтлал, зохицуулалтын бүтэц, хэрэгжилтийн механизмыг нь судлахдаа надад хэд хэдэн асуулт үлдсэн.
Бид өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хүний үндсэн эрхийг хэрхэн хамгаалах вэ? Гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа үндэсний компаниудын өрсөлдөх боломжийг хэрхэн хадгалах вэ? Дата төв байгуулснаар Монгол Улс өгөгдлийн эдийн засагтай болох уу, эсвэл зөвхөн дэлхийн технологийн компаниудын дэд бүтцийг байршуулдаг газар болох уу?

Эдгээр нь хуулийн төслийг бүхэлд нь үгүйсгэх шалтгаан биш. Харин батлахаас өмнө илүү нухацтай авч үзэх шаардлагатай бодлогын асуудлууд гэж бодож байгаа.
1. Хуулийн зорилго зөв бол, зорилгод хүрэх арга зам нь мөн зөв байх ёстой
Хуулийн төслийн 1.1-д "өгөгдлийн дэд бүтэц, эрх зүйн үндэс, өгөгдлийн засаглалыг бүрдүүлж, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, халдашгүй байдлыг хангах замаар өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах" гэсэн зорилго тодорхойлсон.
Энэ бол зөв зорилго.
Ялангуяа төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн давхардлыг арилгах, өгөгдлийн чанарыг сайжруулах, систем хоорондын харилцан ажиллагааг бий болгох, өгөгдлийг дахин ашиглах боломж бүрдүүлэх нь төрийн үйлчилгээний чанар, бизнесийн бүтээмжид бодит үр өгөөж авчирна.
OECD-ийн өгөгдлийн засаглалын судалгаагаар төрийн болон хувийн хэвшлийн өгөгдлийг зохистой ашиглах нь ДНБ-ий 1–2.5 хувьтай тэнцэх хэмжээний нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ боломжийг бодит үр дүн болгоход итгэлцэл, нууцлал, оюуны өмч, өрсөлдөөний асуудлыг зэрэг шийдвэрлэх шаардлагатай.
Эндээс нэг үндсэн зарчим гарна.
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь өөрөө эцсийн зорилго биш. Харин түүгээр дамжуулан бүтээмж, инновац, өрсөлдөх чадвар, иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх нь эцсийн зорилго байх ёстой.
Хуулийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн мэдээллийн сан, платформ, дата төв бий болгох хангалтгүй. Өгөгдлийн чанар, ашиглалтын эрх, хариуцлага, хяналт, эдийн засгийн үр өгөөжийг хэмжих тогтолцоо хамт бүрдэх ёстой.
Энэ бол чанарын удирдлагын үндсэн зарчимтай ч нийцнэ. Системийн зорилго зөв байлаа гээд түүнийг хэрэгжүүлэх процесс автоматаар зөв болчихдоггүй.
2. Хүний хувийн мэдээлэл: эдийн засгийн нөөц үү, эсвэл хамгаалагдсан эрх үү?
Хуулийн төслийг тойрсон хамгийн эмзэг маргаан бол иргэний хувийн мэдээллийг хадгалах, боловсруулах, дамжуулах, ашиглах, худалдааны эргэлтэд оруулах боломжтой болох тухай асуудал.
Зарим хүмүүс үүнийг Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн нууцад халдаж, хүний мэдээллийг худалдах эрх зүйн орчин бүрдүүлж байна гэж шүүмжилж байна. УИХ-ын гишүүн П.Батчимэг 2026 оны 10 дугаар сарын 28-нд болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар яг энэ сэдвээр маш хүчтэй шүүмж өгсөн.
Энэ бол анхаарах ёстой асуудал. Гэхдээ эхлээд нэг зүйлийг ялгах хэрэгтэй.
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг нь хүний хувийн мэдээллийг шууд худалдах эрх олгохтой адил ойлголт биш. Төрийн нээлттэй өгөгдөл, байгууллагын үйл ажиллагааны өгөгдөл, үйлдвэрлэлийн өгөгдөл, хүний хувийн мэдээлэл зэрэг нь эрх зүйн хувьд өөр өөр хамгаалалттай байх ёстой.
Төслийн 9.3-т хүний хувийн мэдээлэл агуулсан өгөгдлийг үүсгэх, цуглуулахдаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан мэдээллийн эзний зөвшөөрөл, эсхүл хуульд заасан бусад үндэслэлийг баримтлахаар заасан.
10.3.2-т хүний хувийн мэдээллийг боловсруулахдаа мэдээллийн эзний эрхийг хангах, 10.3.3-т тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй болгох, эсхүл бусад хэлбэрээр нууцлалыг хангах шаардлага тавьжээ.
11.1–11.5-д өгөгдлийг солилцох, дамжуулах, ашиглах, дахин ашиглах, лицензээр төлбөртэй болон төлбөргүй ашиглуулах харилцааг зохицуулсан байна.
Эдгээр заалт нь хувийн мэдээллийг дур мэдэн худалдах эрх олгож байна гэж шууд дүгнэх үндэслэл биш. Учир нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль мөн үйлчилнэ.
Гэхдээ энд эрх зүйн болон техникийн хэд хэдэн эрсдэл байна.
Нэгдүгээрт, өгөгдлийн өмчлөл болон хүний хувийн мэдээллийн эрхийг ялгаж тодорхойлох шаардлагатай.
Төслийн 4.1.12-т өгөгдлийн эзнийг тодорхойлохдоо хувийн бус өгөгдлийг өмчлөх, захиран зарцуулах эрхийг онцолсон.
Харин өгөгдөл эзэмшигч, өгөгдөл хариуцагч, өгөгдөл хэрэглэгчийн эрх, үүрэгтэй харилцахад хүний хувийн мэдээлэл агуулсан өгөгдлийн эрх зүйн статусыг илүү тодорхой болгох шаардлагатай.
Хүний тухай мэдээллийг тухайн мэдээллийг цуглуулсан байгууллага үүсгэсэн гэдгээр нь тухайн байгууллагын өмч гэж ойлгож болохгүй. Хүн өөрт нь хамаарах мэдээлэлтэй холбоотой хуульд заасан эрхээ хадгалсаар байх ёстой.
Хоёрдугаарт, зөвшөөрөл нь бодитой, мэдээлэлтэй, зорилго тодорхой байх ёстой.
Иргэн нэг үйлчилгээ авахын тулд мэдээллээ цуглуулахыг зөвшөөрсөн байж болно. Гэхдээ энэ нь түүний мэдээллийг өөр зорилгоор боловсруулах, гуравдагч этгээдэд дамжуулах, арилжааны бүтээгдэхүүн боловсруулахад ашиглах бүх үйлдлийг зөвшөөрсөн гэсэн үг биш.
Зөвшөөрөл авахдаа ашиглах зорилго, хүрээ, хугацаа, дамжуулах этгээд, дахин ашиглах нөхцөл тодорхой байх шаардлагатай.
Мөн зөвшөөрлийг буцаан татсан тохиолдолд өмнө нь дамжуулсан өгөгдөл, үүсгэсэн хуулбар, уламжлагдсан бүтээгдэхүүнд ямар хариуцлага үүсэхийг тодорхой болгох хэрэгтэй.
Гуравдугаарт, нэргүйжүүлэлт нь дангаараа хангалттай хамгаалалт биш.
Европын Холбооны GDPR-ийн зохицуулалтаар хүнийг дахин таних боломж хэвээр байгаа бол нэргүйжүүлсэн, шифрлэсэн мэдээлэл ч хувийн мэдээллийн хамгаалалтаас гардаггүй.
Жишээлбэл, нэр, регистрийн дугаарыг арилгасан ч нас, хүйс, оршин суугаа газар, худалдан авалтын түүх, байршлын мэдээллийг нийлүүлснээр тухайн хүнийг дахин таних боломж үүсэж болно.
Иймээс зөвхөн мэдээллийг шууд танигдах байдлаас салгасан эсэхээр бус, дахин таних эрсдэлийг үнэлэх ёстой.
Европын Комиссын тайлбар: https://commission.europa.eu/law/law-topic/data-protection/data-protection-explained_en
Миний санал: Хүний хувийн мэдээлэл агуулсан өгөгдөлд эдийн засгийн эргэлтийн ерөнхий зохицуулалтаас илүү нарийвчилсан хамгаалалтын дэглэм үйлчлэх ёстой. Мэдээллийн эзний эрх, зөвшөөрөл, дахин ашиглалт, дахин таних эрсдэл, устгал, хариуцлагыг хуульд тодорхой зааглаж өгөх шаардлагатай.
Үндсэн хуулийн 16.13-т иргэний хувийн болон гэр бүлийн нууц, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хамгаалсан. Иймээс өгөгдлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлого нь энэ эрхийн хамгаалалтыг сулруулах бус, харин технологийн шинэ нөхцөлд илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэх ёстой.
3. Гадаадын дата төвд олгож буй тусгай нөхцөл: хөрөнгө оруулалт уу, өрсөлдөөний тэгш бус байдал уу?
Миний хувьд хуулийн төслийн хамгийн их анхаарал татсан хэсэг бол 13 дугаар зүйл.
Монгол Улсад дата төвийн үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан гадаадын этгээдтэй үр ашгаас хуваалцах гэрээ байгуулахаар 13.12-т заажээ.
Энэ хүрээнд улсын төсөвт төлбөр төвлөрүүлэх, хиймэл дагуулын сүлжээ ашиглах, бие даасан эрчим хүчний эх үүсвэр бий болгох, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагад тооцоолох хүчин чадал үнэ төлбөргүй ашиглуулах, дотоодын хөрөнгө оруулалт, ажлын байр, технологи дамжуулалтыг нэмэгдүүлэх нөхцөлүүд тусгагдсан байна.
Эдгээр нөхцөлүүдийг дангаар нь харвал Монгол Улсад өгөөжтэй байж болох юм.
Гэхдээ 13.15-т гадаадын дата төв 13.12-т заасан гэрээг байгуулснаар холбогдох бусад хуулиар тогтоосон хөрөнгө оруулалт, татвар, дэд бүтэц болон үйл ажиллагааны эрх зүйн тусгай баталгаа, хөнгөлөлтийг эдлэх эрх үүсэхээр заасан нь бодлогын хувьд илүү нухацтай авч үзэх шаардлагатай зохицуулалт юм.
Энд нэг энгийн асуулт байна.
Монголын компани 100 сая ам.долларын хөрөнгө оруулж дата төв байгуулбал яах вэ?
Монголын компани өөрийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болж, олон улсын зах зээлд тооцоолох хүчин чадал экспортолбол яах вэ?
Монголын компани 100 инженер сургаж, тогтвортой ажлын байр бий болгож, технологи дамжуулбал яах вэ?
Яагаад эдгээр компани ижил шалгуураар ижил төрлийн дэмжлэг авах боломжгүй байх ёстой гэж?
Энд гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж байгаа хэрэг биш. Харин хөрөнгө оруулагчийн гарал үүслээр бус, бодит оруулж буй хувь нэмэр, эдийн засагт бий болгож буй үр өгөөжөөр нь дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн зарчмын асуудал юм.
OECD-ийн Competitive Neutrality буюу өрсөлдөөний төвийг сахисан байдлын зарчимд төрөөс үзүүлэх дэмжлэг, зохицуулалтаар зах зээлийн зарим оролцогчид үндэслэлгүй давуу байдал үүсгэхээс сэргийлэхийг чухалчилдаг. Үүнд төрийн болон хувийн хэвшлийн, дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн хооронд тэгш өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зарчим багтдаг.
UNCTAD-ийн 2025 оны World Investment Report болон 2026 оны дижитал эдийн засгийн хөрөнгө оруулалтын судалгаанд дижитал хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд цөөн тооны томоохон зах зээл, компаниудад төвлөрч байгааг онцолсон. Хөгжиж буй орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ дотоодын бизнесийн чадавхыг бий болгох бодлого чухал гэдгийг мөн дурдсан.
Эх сурвалж: https://unctad.org/publication/international-investment-digital-economy-toolkit-policymakers
Миний бодлоор 13.15-ын зохицуулалтыг дахин авч үзэх шаардлагатай.
Хөрөнгө оруулалтын дэмжлэгийг гадаадын дата төв гэсэн ангиллаар бус, эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр, технологийн түвшин, ажлын байр, экспорт, эрчим хүчний үр ашиг зэрэг хэмжигдэхүйц шалгуураар олгох хэрэгтэй.
Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ дотоодын компаниудын өсөлт, өрсөлдөх боломжийг хамгаалж чадна.
4. Дата төв байгуулах нь өгөгдлийн эдийн засаг байгуулахтай адил биш
Энэ хоёр ойлголтыг бид бодлогын түвшинд заавал ялгаж ойлгох хэрэгтэй.

Дата төв бол өгөгдөл хадгалах, боловсруулах, дамжуулах, нөөцлөх дэд бүтэц. Харин өгөгдлийн эдийн засаг гэдэг нь өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, бизнесийн шинэ загвар, экспортын үнэ цэнэ бий болгох бүхэл бүтэн экосистем юм.
Бид дата төв байгуулж болно. Гэхдээ түүнд суурилсан программ хангамж, хиймэл оюун, өгөгдлийн аналитик, салбарын бүтээгдэхүүн, технологийн үйлчилгээ хөгжихгүй бол эдийн засгийн үнэ цэнийн ихэнх нь гадаадын оператор болон технологи эзэмшигчдэд үлдэх эрсдэлтэй.
Өөрөөр хэлбэл бид дэлхийн технологийн компаниудад газар, эрчим хүч, холболт, дэд бүтэц нийлүүлдэг улс болоод үлдэж болох юм.
Монголын компаниуд харин өөрсдөө өгөгдөл боловсруулж, бүтээгдэхүүн хөгжүүлж, экспортлох боломжтой байх ёстой.
Энэ зорилго хуулийн бодлогын төвд байх ёстой.
Европын Холбооны Data Act нь өгөгдөлд нэвтрэх эрхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд үүлэн үйлчилгээ үзүүлэгчээ солих, олон үйлчилгээ үзүүлэгчийг зэрэг ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Өөрөөр хэлбэл дижитал эдийн засгийг хөгжүүлэх бодлого нь зөвхөн дэд бүтэц байгуулах бус, хэрэглэгчийн сонголт, зах зээлийн өрсөлдөөн, үйлчилгээний харилцан ажиллагааг хангахад чиглэж байна.
Эх сурвалж: https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/data-act
Монгол Улсад ч үүнтэй адил бодлого хэрэгтэй.
Дотоодын компаниуд:
Өгөгдлийн сангаа стандартын дагуу ашиглах;
Өгөгдөл боловсруулах, аналитик үйлчилгээ үзүүлэх;
AI болон машин сургалтын бүтээгдэхүүн хөгжүүлэх;
Үүлэн үйлчилгээ, дата төвийн үйлчилгээ экспортлох;
Өгөгдөлд суурилсан шинэ бизнес бий болгох;
Төрийн болон хувийн өгөгдөлд хууль ёсны, шударга нөхцөлөөр хандах
боломжтой байх ёстой.
Тиймээс хуулийн төсөлд дата төвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зохицуулалттай адил үндэсний өгөгдөлд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэх экосистемийг дэмжих бодлого илүү тодорхой тусах ёстой.
5. Өгөгдлийн бүрэн эрхт байдал: Монгол Улсад сервер байрлаж байгаа нь хангалттай юу?
Хуулийн төслийн 13 дугаар зүйлд гадаадын дата төвийн тусгай хамгаалалт, халдашгүй байдлын асуудлыг зохицуулсан байгаа.
13.4–13.7-д гадаадын дата төвд хандах, мэдээлэл авах, эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг олон улсын гэрээгээр зохицуулах, мөн тодорхой нөхцөлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих сүлжээнд хяналт, хязгаарлалт хийхгүй байх зохицуулалт оржээ.
Энэ нь үндэсний аюулгүй байдал, өгөгдлийн бүрэн эрхт байдлын хувьд онцгой анхаарах асуудал.
Өгөгдөл Монгол Улсын газар нутаг дээр байрлаж байна гэдэг нь тухайн өгөгдөлд хандах, удирдах, боловсруулах, шифрлэх түлхүүрийг хянах эрх Монгол Улсад бүрэн хадгалагдаж байна гэсэн үг биш.
Жишээлбэл:
Дэд бүтцийн өмчлөгч хэн байх вэ?
Серверийн администраторын эрх хэнд байх вэ?
Шифрлэлтийн түлхүүрийг хэн эзэмших вэ?
Гадаад улсын хууль сахиулах байгууллага мэдээлэл шаардах тохиолдолд ямар зохицуулалт үйлчлэх вэ?
Үйлчилгээ үзүүлэгч дампуурах, үйл ажиллагаагаа зогсоох үед өгөгдөлд юу болох вэ?
Гадаадын үйлчилгээ үзүүлэгчээс өөр оператор руу шилжих боломж хэрхэн баталгаажих вэ?
Эдгээр нь техникийн жижиг асуудал биш. Өгөгдлийн бүрэн эрхт байдлын үндсэн асуудлууд юм.
13.10-т үндэсний аюулгүй байдал, төрийн нууцад хамаарахаас бусад өгөгдлийн санг эрсдэлийн үнэлгээ, аудитын үндсэн дээр дотоодын болон гадаадын дата төв, үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгчийн дэд бүтцэд байршуулж болохоор заажээ. /Энд "... эрсдэлийн үнэлгээ, аудитын ..." тогтолцоо ямар байгааг бас бодох ёстой !!!/
Энэ зохицуулалтыг өгөгдлийн ангилал, эрсдэлийн түвшин, үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, эрх зүйн харьяалал, хяналтын боломжтой илүү нягт уялдуулах хэрэгтэй.
Миний санал бол өгөгдлийг зөвхөн хаана байрлаж байгаагаар нь бус, хэн хянаж байгаа, хэн хандаж байгаа, ямар зорилгоор боловсруулж байгаа, ямар эрх зүйн харьяалалд орж байгаагаар нь үнэлэх явдал юм.
6. Дата төвийн бодлогын орхигдож болохгүй зүйл: эрчим хүч, ус, байгаль орчны бодит өртөг
Дата төвийг зөвхөн мэдээллийн технологийн барилга байгууламж гэж ойлгож болохгүй.
Ялангуяа хиймэл оюуны тооцоололд зориулсан өндөр хүчин чадлын дата төвүүд асар их хэмжээний цахилгаан эрчим хүч, хөргөлтийн систем, зарим тохиолдолд их хэмжээний ус шаарддаг.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) 2025 оны Energy and AI судалгаагаар дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах дэлхийн цахилгаан үйлдвэрлэл 2024 онд 460 TWh байсан бол 2030 онд 1,000 TWh-ээс давах төлөвтэй байна.
Энэ бол зөвхөн технологийн салбарын асуудал биш. Эрчим хүчний систем, усны нөөц, байгаль орчин, орон нутгийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөллийн асуудал юм.
Эх сурвалж: https://www.iea.org/reports/energy-and-ai
Монгол Улс дата төвийн бүс болохыг зорьж байгаа бол дараах үзүүлэлтүүдийг заавал бодлогоор зохицуулах шаардлагатай болов уу:
Нэгж тооцооллын хүчин чадалд ногдох эрчим хүчний хэрэглээ.
PUE буюу дата төвийн эрчим хүчний үр ашгийн үзүүлэлт.
Усны хэрэглээ болон хөргөлтийн технологийн үр ашиг.
Сэргээгдэх эрчим хүчний бодит хэрэглээ, эх үүсвэрийн баталгаажуулалт.
Нүүрстөрөгчийн ялгарлын тооцоо.
Эрчим хүчний сүлжээнд үзүүлэх ачаалал.
Ашиглалтаас гарсан тоног төхөөрөмжийн хаягдал, дахин боловсруулалт.
Энд нэг чухал зүйлийг онцолмоор байна.
Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг нь автоматаар байгаль орчинд үзүүлэх нөлөө тэг болно гэсэн үг биш. Эрчим хүчний эх үүсвэр, усны хэрэглээ, хөргөлтийн систем, тоног төхөөрөмжийн амьдралын мөчлөгийг хамтад нь үнэлэх ёстой.
Тиймээс дата төвийн хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын эрчим хүч, усны нөөцөд учруулах бодит өртгийг тооцох, олон нийтэд ил тод тайлагнах зохицуулалт шаардлагатай.
7. Хуулийн чанар: зорилго, шаардлага, хэрэгжилт, хяналтын уялдаа
Одоо асуудлыг чанарын инженер, аудиторын өнцгөөс авч үзье.
Миний хувьд аливаа дүрэм журам, хууль, бодлогын баримт бичгийг үнэлэхдээ дараах логикийг баримталдаг.
Зорилго → Шаардлага → Зохицуулалт → Хэрэгжилт → Хяналт → Үр дүн.
Эдгээрийн аль нэг нь сул байвал сайн зорилго бодит үр дүнд хүрэхгүй.
Энэ төслийн хувьд дараах асуудлуудыг илүү нарийвчлан боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.
7.1. Хуулийн зорилго хэмжигдэхүйц үр дүнгээр тодорхойлогдоогүй байна
Өгөгдлийн чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангана гэж заасан боловч чанар гэж юуг ойлгох, ямар үзүүлэлтээр хэмжих, хэн баталгаажуулах, шаардлага хангаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг илүү тодорхой болгох шаардлагатай.
Жишээлбэл, өгөгдлийн чанарыг дараах хэмжээсээр үнэлж болно:
Accuracy – үнэн зөв байдал;
Completeness – бүрэн бүтэн байдал;
Consistency – нийцтэй байдал;
Timeliness – цаг үеийн байдал;
Validity – хүчин төгөлдөр байдал;
Uniqueness – давхардалгүй байдал.
ISO/IEC 25012 өгөгдлийн чанарын загвар болон ISO/IEC 25024 хэмжилтийн аргачлалыг үндэсний шаардлагад нийцүүлэн ашиглах боломжтой.
7.2. Хараат бус хяналт, аудитын тогтолцоо хангалттай тодорхой биш байна
Төслийн 18.1.6-д төрийн их өгөгдлийн чанар, хүртээмжид мэргэжлийн хараат бус байгууллагаар жил бүр хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр заасан. Нэг таалагдсан өгүүлбэр нь энэ.
Гэхдээ хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг хэрхэн сонгох, хараат бус байдлыг хэрхэн баталгаажуулах, аудитын үр дүнг олон нийтэд ямар хэмжээнд ил тод болгох, зөвлөмжийн хэрэгжилтийг хэн хянахыг тодорхой болгох хэрэгтэй.
Мөн Үндэсний дата төвийн техникийн чиг үүрэг, өгөгдлийн чанарын үнэлгээ, зохицуулагчийн чиг үүргийг хооронд нь ялгаж, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх шаардлагатай.
7.3. Хэрэгжилтийн шалгуур, үе шат, хариуцлага тодорхой байх ёстой
Хуулийн хэрэгжилтийг зөвхөн систем ашиглалтад орсон эсэх, мэдээллийн сан холбогдсон эсэхээр хэмжиж болохгүй.
Харин:
Өгөгдлийн чанар хэр сайжирсан бэ?
Давхардсан мэдээллийн сан хэдээр буурсан бэ?
Өгөгдөл солилцох хугацаа хэр багассан бэ?
Хууль бус хандалтын тохиолдол хэд гарсан бэ?
Өгөгдөл ашиглан бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээ хэд байна вэ?
Дотоодын компаниудын өгөгдөлд суурилсан бизнесийн орлого хэр нэмэгдсэн бэ?
Экспортын бодит орлого хэд болсон бэ?
гэдэг үр дүнгээр хэмжих ёстой.
Энэ бол хуулийн хэрэгжилтийг аудитлах боломжтой болгох үндсэн нөхцөл.
8. Олон улсын туршлагаас авах хамгийн чухал сургамж
Олон улсын туршлагыг судлахад өгөгдлийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд зөвхөн өгөгдлийг нээлттэй болгох, арилжаалах, дэд бүтэц байгуулахад анхаардаггүй юм байна.
Европын Холбоо энэ чиглэлээр Data Governance Act болон Data Act гэсэн хоёр өөр боловч харилцан нөхөх зохицуулалтыг бий болгосон.
Data Governance Act (2022) нь өгөгдөл зуучлалын үйлчилгээний хараат бус байдал, итгэлцэл, өгөгдөл хуваалцах зохицуулалтыг чухалчилдаг.
Тухайлбал, өгөгдөл зуучлагч нь зуучилж буй өгөгдлийг өөрийн арилжааны ашиг сонирхолд нийцүүлэн шууд ашиглах, бусдад худалдах боломжгүй байхаар зохицуулсан. Үйлчилгээний хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх бүтэц шаарддаг.
Энэ бол өгөгдөл зуучлалын үйлчилгээний зах зээлд итгэлцэл бий болгох чухал зарчим.
Data Act (2023) нь хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн өгөгдөлд нэвтрэх, ашиглах, үйлчилгээ үзүүлэгчээ солих боломжийг нэмэгдүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжихэд чиглэсэн.
Эндээс Монгол Улс дараах сургамжийг авах хэрэгтэй:
Өгөгдлийг ашиглах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өгөгдөл нийлүүлэгчийн эрхийг хамгаалах.
Өгөгдөл зуучлагчийн хараат бус байдлыг баталгаажуулах.
Зах зээлд нэг эсвэл цөөн тооны том тоглогч давамгайлах эрсдэлийг бууруулах.
Үйлчилгээ үзүүлэгчээ солих, өгөгдлөө шилжүүлэх боломжийг хангах.
Жижиг, дунд технологийн компаниудад өгөгдөлд шударга нөхцөлөөр хандах боломж олгох.
Эх сурвалжууд:
https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/data-governance-act-explained
https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/data-act
OECD-ийн 2024 оны Data Portability судалгаагаар өгөгдөл зөөвөрлөх боломж нь хэрэглэгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж, шилжилтийн зардлыг бууруулан өрсөлдөөн, инновацыг дэмжих боломжтой гэж үзсэн. Гэхдээ хэрэгжилтийн нөхцөл буруу байвал жижиг компаниудад нэмэлт ачаалал, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл бий болгож болохыг мөн анхааруулсан.
Эдгээр жишээнээс харахад өгөгдлийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд зах зээлийн бүх оролцогчид итгэлцэл, тэгш боломж, хариуцлагын ижил суурь зарчимтай байх шаардлагатай.
9. Хуулийн төсөлд тусгах шаардлагатай бодлогын өөрчлөлтүүд
Дээрх асуудлуудыг нэгтгээд дараах өөрчлөлтүүдийг санал болгомоор байгаа. Хувилбар 11 хүртэлх хэлэлцүүлгүүдийн үеэрч мөн саналаа өгч байсан.
Нэгдүгээрт. Хувийн мэдээлэл болон арилжааны өгөгдлийн эрх зүйн заагийг тодорхой болгох.
Хүний хувийн мэдээллийг өгөгдлийн ерөнхий лиценз, арилжааны зохицуулалтаар шууд зохицуулахгүй байх. Мэдээллийн эзний эрх, зөвшөөрөл, дахин ашиглалт, дахин таних эрсдэл, устгал, хариуцлагын шаардлагыг нарийвчлах.
Хоёрдугаарт. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад өрсөлдөөний тэгш нөхцөл бүрдүүлэх.
13.15-ын тусгай баталгаа, хөнгөлөлтийг хөрөнгө оруулагчийн гарал үүслээр бус, хөрөнгө оруулалтын бодит үр өгөөж, технологи дамжуулалт, ажлын байр, экспорт, эрчим хүчний үр ашигт суурилан олгодог болгох.
Гуравдугаарт. Өгөгдлийн бүрэн эрхт байдлын шаардлагыг тодорхой болгох.
Өгөгдөл байршуулах газар, эрх зүйн харьяалал, администраторын эрх, шифрлэлтийн түлхүүр, хөндлөнгийн хандалт, үйлчилгээ үзүүлэгч солих боломж, гамшгийн үеийн сэргээх ажиллагааг эрсдэлийн түвшнээр зохицуулах.
Дөрөвдүгээрт. Үндэсний өгөгдөлд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих.
Дотоодын программ хангамж, AI, өгөгдлийн аналитик, үүлэн үйлчилгээ, өгөгдөл боловсруулах бүтээгдэхүүн хөгжүүлэгчдэд шударга нэвтрэх боломж, инновацын дэмжлэг, судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилт бий болгох.
Тавдугаарт. Өгөгдлийн чанар, аудит, хариуцлагын тогтолцоог хэмжигдэхүйц болгох.
ISO/IEC 25012, 25024 зэрэг олон улсын стандартын зарчмыг ашиглаж, өгөгдлийн чанарын шалгуур, аудитын хараат бус байдал, хяналтын үр дүн, засаж сайжруулах үүргийг тодорхойлох.
Зургаадугаарт. Дата төвийн эдийн засаг, байгаль орчны бодит үр өгөөжийг хэмжих.
Эрчим хүч, ус, хөргөлт, нүүрстөрөгчийн ялгарлын үзүүлэлтийг тогтоож, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг бодит гүйцэтгэлтэй уялдуулах.
Долоодугаарт. Хуулийн хэрэгжилтийг үе шаттай, үр дүнгээр үнэлдэг болгох.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хугацаанд хэрэгжилтийн хараат бус үнэлгээ хийж, бодит үр дүн, эрсдэл, зах зээлийн нөлөөлөлд үндэслэн зохицуулалтыг сайжруулах механизмыг бий болгох.
10. Эцэст нь: Бид дата төв байгуулах гэж байна уу, эсвэл өгөгдлийн эдийн засаг бүтээх гэж байна уу?
Би өгөгдлийн тухай анхдагч хууль хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ. Монгол Улсад өгөгдлийн засаглалын нэгдсэн тогтолцоо, өгөгдлийн чанарын стандарт, харилцан ажиллагаа, аюулгүй байдал, эдийн засгийн эргэлтийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай.
Гэхдээ хуулийн төсөлд туссан сайн зорилго нь бүх зохицуулалт зөв гэсэн баталгаа биш.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн баталгаа хангалттай байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихдээ дотоодын компаниудыг өрсөлдөх боломжгүй нөхцөлд оруулж болохгүй. Дата төвийн дэд бүтцийг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний технологийн үйлдвэрлэл, өгөгдөлд суурилсан бизнесийг хөгжүүлэх бодлого орхигдож болохгүй.
Бид дэлхийн томоохон технологийн компаниудын дата төвийг Монголд байршуулж чадлаа гээд өгөгдлийн эдийн засагтай болчихгүй.
Бид өөрсдөө өгөгдөл цуглуулж, боловсруулж, үнэ цэн бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөж байж өгөгдлийн эдийн засагтай болно.
Энэ бол дата төвийн түрээсийн орлогоос хавьгүй том зорилго.
Миний хувьд энэ хуулийн хамгийн чухал шалгуур нь дараах гурван асуултад хариулж чадаж байгаа эсэх юм.
Энэ хууль Монголын иргэний эрхийг технологийн шинэ нөхцөлд илүү сайн хамгаалж чадах уу?
Энэ хууль Монголын компаниудад өгөгдөлд суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж олгох уу?
Энэ хууль Монгол Улсад бий болох өгөгдлийн эдийн засгийн үнэ цэнийг Монгол Улс, Монголын бизнес, Монголын иргэдэд бодитоор үлдээж чадах уу?
Хэрэв эдгээр асуултад хангалттай хариулт өгч чадахгүй бол бид хуулийн төслийн зорилго, зохицуулалт, хэрэгжилтийн механизмыг дахин авч үзэх шаардлагатай.
Миний байр суурь бол өгөгдлийн тухай хуулийг эсэргүүцэх биш. Харин Монгол Улсын иргэний эрх, үндэсний бизнесийн өрсөлдөх чадвар, технологийн тусгаар тогтнол, эдийн засгийн бодит өгөөжийг зэрэг хамгаалсан сайн хууль болгохын төлөө шүүмжлэх явдал юм.
Сайн хууль гэдэг зөвхөн сайн зорилго зарласан хууль биш. Харин зорилгоо бодит үр дүнд хүргэж, эрсдэлээ хянаж, оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэржүүлж чадсан хууль байх ёстой гэж ойлгож байна.
Эх сурвалж, судалгааны материал
Монгол Улсын УИХ – «Өгөгдлийн тухай» анхдагч хуулийн төсөл, 2026.08.27. https://d.parliament.mn/tusul/e2df693e-83cb-4f33-b36a-2e41eace7d1a
Монгол Улсын Үндсэн хууль. https://legalinfo.mn/mn/detail?lawId=367
European Commission – GDPR and Data Protection. https://commission.europa.eu/law/law-topic/data-protection/data-protection-explained_en
European Commission – Data Governance Act. https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/data-governance-act-explained
European Commission – Data Act. https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/data-act
OECD – Data Governance. https://www.oecd.org/en/topics/data-governance.html
OECD – Competitive Neutrality. https://www.oecd.org/en/topics/sub-issues/competitive-and-fair-markets/competitive-neutrality-in-competition-policy.html
OECD (2024) – The Impact of Data Portability on User Empowerment, Innovation, and Competition. https://doi.org/10.1787/319f420f-en
UNCTAD (2025) – World Investment Report 2025: International Investment in the Digital Economy. https://unctad.org/publication/world-investment-report-2025
UNCTAD (2026) – International Investment in the Digital Economy: A Toolkit for Policymakers. https://unctad.org/publication/international-investment-digital-economy-toolkit-policymakers
IEA (2025) – Energy and AI. https://www.iea.org/reports/energy-and-ai
ISO/IEC 25012 – Data Quality Model.
ISO/IEC 25024 – Measurement of Data Quality.



