Дижитал шилжилтэд тулгуурласан бизнес загварын өөрчлөлтөд мэдээллийн технологийн давуу талыг ашиглах шаардлага урьд урьдынхаас илүү нэмэгдэж байна. Энэ чиг хандлагын дагуу технологид суурилсан бизнесийн шинэ шийдэл, шинэ шугам, шинэ загварыг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд бидэнд туршлага, бүх төрлийн нөөц харилцан адилгүй байна. Мэдээллийн технологийн захирлуудын клуб CIO Club нь энэ зөрүүг нэг түвшинд хүргэх, гишүүд болон тэдгээрийн ажиллаж буй байгууллагын мэдээллийн технологийн мэдлэг, чадварыг ахиулах, харилцан туршлагаа хуваалцах платформыг бүрдүүлэх, цаашлаад мэдээллийн технологийн салбарын шинэ шийдлүүдийг олон нийтэд богино хугацаанд таниулахыг зорин ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд шинэ дэвшилтэд технологи, үүнтэй уялдах бизнесийн орчин, нөөц ямар байгааг судлах, тодорхойлох нь бидний жил бүр хийдэг гол ажлуудын нэг байдаг. Энэ жилийн хувьд, дижитал шилжилтийг эрчимжүүлж буй, технологи суурьтай бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж буй, стратеги тодорхойлж буй болон гарааны бизнес эрхэлж буй компаниудыг голдуу хамрууллаа. Ингэхдээ шинэ технологи, технологийн хөрөнгө оруулалт, технологийн хүний нөөцөө хэрхэн удирдаж буй болон тэдэнд ямар асуудлууд тулгарч буйд чиглэсэн судалгааг хийсэн юм. Уг судалгааг “Дийг Ай Ти” ХХК-ийн суурь баазад тулгуурлан CIO Club болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны (МОСА), Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) байгууллагууд хамтран хийсэн билээ.
Технологийн хөрөнгө оруулалт, стратеги
“2023 онд танай байгууллагад хамгийн чухал үйл ажиллагаа юу байсан бэ?” гэсэн асуултад 72 хувь нь борлуулалтаа өсгөх, дотоод үйл ажиллагаагаа сайжруулах, 63 хувь нь хэрэглэгчийнхээ тоог нэмэгдүүлэх гэж хариулжээ. Харин “Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх” гэсэн сонголтыг тийм ч чухал биш гэж үзсэн байв.
2023 онд хөгжүүлсэн ТОП дөрвөн технологи
Дижитал шилжилтийн ТОП дөрвөн бэрхшээл
2024 онд хөгжүүлэлт хийх ТОП дөрвөн технологи
2024 онд ихэнх оролцогч Virtual Reality, Blockchain, IoT технологийн хөгжүүлэлтийг хийхээр төлөвлөөгүй гэж хариулжээ. Хамгийн бага тулгардаг хүндрэл нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, эрсдэлд дургүй байгууллагын соёл хэмээн хэмээн хариулсан байна.
Технологийн төсвийг 2023 онтой харьцуулахад 48 хувь нь их хэмжээгээр, 36 хувь нь харьцангуй бага түвшинд нэмнэ гэжээ. Нийт оролцогчийн 84 хувь нь ямар нэг байдлаар нэмнэ, 15 хувь нь өөрчлөхгүй, зөвхөн нэг хүрэхгүй хувь нь л бууруулна гэж хариулсан байв. Өөрөөр хэлбэл, технологид зарцуулж буй төсөв жил бүр нэмэгдсээр байна.
Гадаад зах зээлд гарах оролдлого
Энэ жилийн хувьд технологийн энтрепренер залуучууд, тэдний удирдаж буй технологийн компаниуд судалгаанд идэвхтэй оролцсон тул гаднын зах зээл рүү гарахад тулгарч буй асуудлыг бид нэмж оруулсан билээ.
“Танай байгууллага гадаад зах зээлд гарах ямар нэг оролдлого, үйл ажиллагаа хийсэн үү?” гэсэн асуултад 55 хувь нь тийм гэж хариулсан бол зургаан хувь нь дэлхийн зах зээлд нэвтрэх үйл ажиллагаа нь бүтэмжтэй яваагаа илэрхийлж, 11 хувь нь бүтэлгүйтсэн гэжээ.
Үлдсэн 45 хувь нь оролдлого хараахан хийж амжаагүй, үүнээс 16 хувь нь гаднын зах зээлд гарах шаардлагагүй гэж үзсэн байв.
Гадаад зах зээл рүү гарахад тулгарч байгаа ТОП дөрвөн хүндрэл
Хүний нөөц
Хүний нөөцөд тулгарч буй ТОП гурван асуудал
“2023 онд технологийн ажилтны тоонд ямар өөрчлөлт гарсан бэ?” гэсэн асуултад 43 хувь нь багаар өргөжүүлнэ, 18 хувь нь ихээр нэмэгдүүлнэ гэжээ. Нийт оролцогчийн 61 хувь нь ямар нэг байдлаар нэмэгдүүлнэ, 24 хувь өөрчлөхгүй, 15 хувь нь бууруулна гэсэн байв.
Харин “2022 онд технологийн ажилтны тоонд ямар өөрчлөлт гарсан бэ?” гэсэн асуултад 58.5 хувь нь нэмэгдүүлсэн, 34 хувь нь өөрчлөгдөхгүй, 7.5 хувь нь бууруулсан гэж хариулж байжээ.
Технологийн багийн эмэгтэй ажилтны хүйсийн харьцаа 17 хувь гэж судалгаанд гарсан ч энэ өгөгдлийн хувьд ихэнх оролцогч хариулаагүй учраас бодитой биш байна. Тиймээс энэ асуултыг дараагийн судалгаанд сайжруулах шаардлагатай гэж бид үзэж буй.
Мөн мэдээллийн технологийн ажилтнуудын сул орон тоо дунджаар гурав гэж хариулжээ. Өмнөх жил энэ тоо дөрөв байсан байна.
“Ур чадвартай мэдээллийн технологийн хүний нөөцийн хомсдол байгаа юу?” гэсэн асуултад 82 хувь нь хүний нөөц хомсдолтой, 11 хувь нь хомсдолгүй, сургалтаар нөхөж байгаа, найман хувь нь хүний нөөц олдоцтой гэж үзжээ.
Шаардлагатай ТОП гурван сургалтын хэрэгцээ
Технологийн лидер байх
“Та аль төрлийн удирдлага вэ?” гэсэн асуултад 47 хувь нь бизнесийн хамтран хөгжүүлэгч, 35 хувь нь өөрчлөлтийн удирдагч, 17 хувь нь найдвартай оператор гэж хариулжээ. Өнгөрсөн жил уг асуултад 33 хувь нь бизнесийн хамтран хөгжүүлэгч, 43 хувь нь өөрчлөлтийн удирдагч. 24 хувь нь найдвартай оператор хэмээн хариулж байсан юм. .
Судалгаанд оролцогсдын 86 хувь нь сэтгэл ханамжтай, үүнээс 26 хувь нь өндөр сэтгэл ханамжтай, 60 хувь ердийн сэтгэл ханамжтай байна. Харин 12 хувь нь бага зэрэг, үлдсэн 2 хувь огт сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ үзүүлэлтийг 2023 онтой харьцуулахад 1.3 хувиар өссөн байгаа юм. Мөн 2023 онд 15.1 хувь нь бага зэрэг сэтгэл ханамжтай гэж үзсэн бол энэ жил уг тоо 12 хувь болж буурсан байна.
Удирдлагуудын 10 хувь нь маш их стресстэй, 62 хувь нь ер л стресстэй гэж үзсэн бол 25 хувь нь бараг л стрессгүй, үлдсэн гурван хувь нь огт стрессгүй гэж хариулжээ.
Технологийн лидерийн ТОП гурван ур чадвар
Судалгааны дүгнэлт
Технологийн лидерийн ерөнхий персонаг харвал 31-40 настай, эрэгтэй, бакалавр зэрэгтэй, 16-аас дээш жилийн ажлын туршлагатай, цаашдаа энэ албан тушаалдаа 3-5 жил ажиллахаар төлөвлөж байгаа, бизнесийн стратегиа хэрэгжүүлэх, байгууллагын хэрэгцээ шаардлагыг голчлон анхаардаг ерөнхий дүртэй байна. Өмнөх жилтэй адил хүний нөөцийн ур чадвартай ажилтны эрэлт хэрэгцээ өндөр байсаар байна. Салбарын хүний нөөцийн сургалтын эрэлтээс харвал бизнесийн шинжилгээ, DevOp, ажайл төслийн сургалтын хэрэгцээ өндөр байна. Технологийн лидерүүдийн 86 хувь нь ажилдаа сэтгэл ханамжтай ажилладаг боловч ажлын стресс өндөр буюу 72 хувь нь стресс ихтэй байгааг харж болно. Ур чадварын хувьд харьцуулбал, зөөлөн ур чадварыг илүү чухал хэмээн үзэж технологийн мэдлэг, арга хэрэгсэл ашиглах ур чадварыг хамгийн бага сонгосон нь сонирхол татахуйц байна.